Төгрөг чангарч эхэллээ

Гуравдугаар сард 2055 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш сонгуулийн сар эхэлснээс хойш бага, багаар уруудсаар өнөөдрийн байдлаар 1930 буюу 125 төгрөгөөр буурчээ. Үүнийг улирлын нөлөөллөөс гадна Засгийн газар 500 сая ам.долларын бонд, 250 сая ам.долларын синдикат зээлийг татаж, дотоодын валютын захын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, валютын захад оролцогчдын хүлээлтэд нөлөөлснөөр тайлбарлаж байна. Ийнхүү сүүлийн сард долларын ханш тасралтгүй уруудаж буй юм.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт өрнөж байна

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тавдугаар сарын сүүлээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах гарааны мөнгө “Рио Тинто”-гийн дансанд орж ирсэн байна. Оюутолгойн алт, зэсийн ордын 80 хувь нь далд уурхайгаас олборлох аж.

Дэлхийн эдийн засагт түүхий эдийн үнэ сэргэж байна

Гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнэд сэргэлтийн шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлснийг эдийн засагчид дуулгах болсон. Оны эхнээс төмрийн хүдрийн үнэ 15.9 хувь, зэсийн үнэ 0.3 хувь, алтны үнэ 20.2 хувиар тус тус өсөөд байгаа юм. Цаашдаа Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд 2017 оноос эхлэн эргэн сэргэж, 2020 он гэхэд 10 хувиас дээш өсөлттэй байхаар Олон улсын валютын сан таамаглаж байна.

Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Оюутолгой төсөлд эрчим хүч нийлүүлэх Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол энэ 6-р сарын 24-нд Шангри-Ла зочид буудалд болж өнгөрлөө.Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулсан сонгон шалгаруулалтаар гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци, дотоодын хөрөнгө оруулагчаар М-Си-Эс компани тус тус шалгарч, төслийг хэрэгжүүлэгч Тавантолгой цахилгаан станц компани байгуулагджээ.Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар үндсэн худалдан авагч болох Оюутолгой ХХК-тай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төслийг санхүүжүүлэгч олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээр хийх зэрэг томоохон ажлуудын эхлэл тавигдаж буй.
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэхүү төсөл Засгийн газраас ямар нэг баталгаа, барьцаа шаардахгүй, хувийн хэвшил бүх эрсдлээ өөрөө дааж, тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа” хэмээн онцолсон юм.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр хийх ажлын хэсгийг ахалсан Монгол улсын сайд М.Энхсайхан төсөлд Засгийн газар ямар нэг санхүүгийн баталгаа гаргахгүй гэдгийг мөн дурдаад “Санхүүжилтийн хувьд төслийн санхүүжилт хэлбэртэй байх ба нийт хөрөнгө оруулалт нь 1 тэрбум ам.доллар, үүнээс 30% нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70% нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татсан зээлийн эх үүсвэр байх юм.Тавантолгой цахилгаан станц нь 450 МВт-ын хүчин чадалтай байх бөгөөд Монгол улсын анхны бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч буюу “Independent Power Producer (IPP)” төсөл болохоороо онцлог.Тодруулбал, Оюутолгойгоос эрчим хүчний импортод жил бүр төлж буй 200 сая ам.долларын эх үүсвэрийг дотоодын эдийн засагт шингээх, улмаар цахилгаан эрчим хүч импортлогч бус экспортлогч орон болох эхлэл тавигдаж байгаа юм.

Эх сурвалж: www.news.mnwww.news.mn

 

Түлхүүр үгс: Эдийн засаг, Тавантолгой, Нүүрс, Оюутолгой

Created: Даваа, 2016.07.04 12:08